Үхрийн шарсан өвчүү.

4.7/5 - (3 votes)
Үхрийн шарсан өвчүү.
Энэ хоолыг Америкт байхдаа их хийдэг байгаад Канадад ирээд өвчүү олдохгүй хэдэн жил болж билээ. 😁 Одоо олдоод сайхан байна. Баяр ёслолын үеэр хийхэд их тохиромжтой хоол. Шарах шүүгээнд олон цаг болдог тул бусад юм хийхэд цаг завтай их зүгээр. Цагаан сар, Үсний найр, Наадам гээд баяруудаар хийхэд яг гоё тохирсон хоол.
Америкт бол Walmart, Costco дэлгүүрт, Канадад бол Costco дэлгүүрт одоогоор байгаа. (Манайх үхрийн фермээс мах авахдаа өвчүүг нь томоор нь авсан. Их зүгээр шүү тэгээд захиалахаар)
Амжилт. 😋🥩
Орц:
– үхрийн тал өвчүү ойролцоогоор 5 -7 кг (5-7 kg beef brisket)
– давс, хар улаан пэрц амтлахаар (salt and black, red pepper to taste)
– 4, 5 лаврын навч (4,5 bay leaves)
– 3-4 аяга үхрийн шөл. Ясны шөл гаргаад хийж болно эсвэл дэлгүүрийн бэлэн шөл хэрэглэж болно. (3 cups beef broth)
– 2 иш цоохор майлз 
(2 stalks of celery)
– 4,5 иш ногоон сонгино (4,5 stalks green onions)
– 1 том шар сонгино (1 big yellow onion)
– 5,6 хумс сармис (5,6 cloves garlic)
– 2 халбага шөл борлуулагч юм уу Worcestershire sauce соус (2 tbsp soup browning or Worcester sauce)
– 1 жижиг амны халбага элсэн чихэр (1tsp sugar)
Хийх арга:
1. Мах чинь гэсгэлэн бол шууд амтална. Хөлдүү бол хийхээсээ өмнө урд орой нь гэсгээж хонуулна. Махаа давс пэрцээр амтлаад 30 мин -1 цаг өрөөнд байлгана.
2. Шарах шүүгээгээ 290F (143С) халаана. Томхон листэндээ махаа хийгээд ясны шөл, лаврын навч, Worcestershire соус, элсэн чихэр, бүх амтлагч ногоогоо хийгээд тугалган цаасаар ( aluminum foil) битүүлж 3 цаг жигнэнэ. Дунд тавиур дээрээ. Цаг тутам гаргаж махаа эргүүлж хийнэ. Тал бүрийг нь бүрэн бөгөөд гоё зөөлөн болгохын тулд.
3. Одоо шөлөө амталж үзээд давс пэрц нэмэхээр бол нэмж өгнө. Галаа 300F (150С) болгоно. Дахин битүү 2 цаг жигнэнэ. Мөн л 1 цаг тутамд гаргаж махаа эргүүлж өгөөрэй.
4. Одоо сүүлийн 1 цагт махаа өөхөн талыг нь дээш харуулж, тугалган цаасгүй жигнэнэ. Гаргах бүртээ шөлөө сайн амтлаад өөрсдийн дурын амтлагч нэмсэн ч болно шүү. Янз бүрийн халуун ногоотой, чихэрлэг амттай, эсвэл bbq соус нэмэх ч юм уу.
5. За одоо хамгийн сүүлд нь галаа 400F (200С) болгоно. Махаа 20-30 минут сайхан шаргал болтол нь жигнээд гаргана. Энэ махыг жигнэхдээ өөрсдийн дуртай ногоог бас хамт хийгээд жигнэж болно. Төмс, лууван, манжин гэх мэт. Хэрвээ ногоо хийх бол сүүлийн 2 цаг дээр ногоогоо томхон бэлдээд хийгээрэй.
Маш их шөл гардаг. Дээдэх гарсан тосыг нь сайн хамж аваад мөн шөлөө шүүгээд багахан ус, гурил нэмээд амтлаад соус хийсэн ч болно.
Асуух зүйл гарвал асуугаарай. Баярын ширээнд тань сайхан чимэг, амт оруулна гэдэгт итгэлтэй байна. Амтархан идээрэй.
🎂🍷🥩🥗👌😋😁
Print Friendly, PDF & Email

10 Comments

Leave a Comment